Мэндчилгээ

Дэлхий нийтээрээ даяаршиж байгаа өнөө үед техник технилогийн хөгжил дээд цэгтээ тулж, хүний хийх зүйл техникт булаагдан эзлэгэдэж байгаа билээ. Гагцхүү тархи, зүрх, сэтгэлийн нийлэмжээс бүрэлддэгийн хувьд урлаг л хүн төрлөхтний бүтээж чадах цөөн хэдэн зүйлийн нэг байсаар байх болно. Урлагын үнэ цэнэ үүнд л оршиж байдаг.

Хүний амьдрал хязгаартай харин урлаг мөнх. Гэхдээ тэрхүү мөнхрөх урлагийг мөнх биш хүмүүс, уран бүтээлчид урлан үлдээдэг.Тэд цаг хугацаагаар өртөөлөн үеэс үед үлдээн, буухиалдаг. Энэ орон зай цаг хугацааны дунд, зууны тэртээх “Намтар дуулах” дацангаас өнөөг хүртэл нүүдэлчин монголчуудын соёл, тэр дундаа говь нутгийн ахуй амьдрал, байгалийн онцлогийг шингээсэн соёлын биет бус өвийг өвлүүлэн уламжлуулж, түгээн дэлгэрүүлэх үйлсэд хоёргүй сэтгэлээр зүтгэж, залуу үеийнхэндээ өртөөчлөн хүргэж ирсэн үе үеийн ахмад уран бүтээлчдээрээ бахархаж байна.

Бид бүхэн дорнын их соён гэрээгүүлэгч Д.Данзанравжаа хэмээх суут хүмүүний өлгий нутагт төрж өсөн, тэр хүмүүнээр овоглон бүтээж туурвиж яваа азтай хүмүүс юм. Бүтээж туурвиж үлдээсэн урлаг соёлын үнэт өв, суут бүтээлүүдийг нь монголдоо болон дэлхийн хэмжээнд суртачлан таниулах, хойч үедээ өвлүүлэн үлдээх, түгээн дэлгэрүүлэх ажлыг үргэлжлүүлж явна. 1979 онд “Хөгжимт драм”-ын театр болж алдарт “Учиртай гурван толгой” дууриар нээлтээ хийж байсан нь хөдөө орон нутгийн театрын хувьд удирдлага зохион байгуулалт, уран бүтээлчидийн чадамж ямар байсныг хэлүүлэлтгүй илтгэх бизээ. “Саран хөхөө” театрыг удирдаж байсан чадварлаг удирдах ажилтан, найруулагч, уран бүтээлчидийн авьяас билэг, ур чадвар, хөдөлмөр, хичээл зүтгэлийн үр шимээр театр маань урлагын байгууллагууд дотроо нэр хүндтэй, олонд танигдсан дотоод гадаадын уран бүтээлийн баялаг сан хөмрөгтэй болж, чадварлаг уран бүтээлчидийг төрүүлэн гаргаснаар МУУГЗ, МУГЖ зэрэг төрийн шагналтангууд, салбарын шагналтангууд олноор гарч байгаад бахархалтай байдаг юм.

“Саран хөхөө” театр нь монгол улсынхаа урлаг соёлын байгууллага, театр чуулгуудтай байнга уялдаа холбоотой ажиллах, орон нутгийн төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшил, бизнесийн байгууллагуудтай олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэн ажиллаж байна.

Бидэнтэй хамтран ажиллаж дэмжиж байдаг та бүхэндээ баярлалаа.

Мөн бүхий л цаг үед бидний дэргэд байж, үргэлж дэмжиж, урам хайрлаж байдаг үзэгч түмэндээ талархлаа илэрхийлье. Та бүхэнд Ноён хутагт Данзанравжаагийн нэрэмжит “Саран хөхөө” театрын хаалга хэзээд нээлттэй байх болно. Хүрэлцэн ирж сэтгэлээ баясган, мэлмийгээ мялааж байхыг хүсэе.

Гурамсан сургаалиас

Яруу төгс сурууштай нь яриа, хөгжим, дуу гурав

Эгшин бүрийд цэгнүүштэй нь бие, хэл, сэтгэл гурав

Эгнэгт тордож явууштай нь билэг, ухаан, чадал гурав

Д.Данзанравжаа

 

САРАН ХӨХӨӨ ТЕАТРЫН ДАРГА Э.ИДЭРБОЛД