“Соёл, урлагийн байгууллагын менежментийн чадавхыг бэхжүүлэх нь” уулзалт хэлэлцүүлэг боллоо
Соёлын дэд сайд М.Батбаяраар ахлуулсан ажлын хэсэг 2021 оны 12 дугаар сарын 13-д Саран хөхөө театрт сургалт, мэдээлэл, хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Уулзалт, хэлэлцүүлэгт 14 сумын Соёлын төв, аймгийн Төв номын сан, Музей сургалт, судалгааны төв, Саран хөхөө театр, Эгшиглэн энтертайнмент, GOBI CINEMA, чөлөөт уран бүтээлчид зэрэг нийт 140 орчим хүн оролцов.
Уулзалт, хэлэлцүүлгийн эхний хэсэгт Соёлын дэд сайд М.Батбаяр “Соёлын яамны 2021-2022 оны стратеги төлөвлөгөө”, Соёл гэгээрлийн газрын дарга Д.Наранцэцэг “Орон нутаг дахь соёлын бодлого, хэрэгжилт”, Соёлын өвийн газрын дарга Б.Даваацэрэн “Соёлын өвийн бодлого хадгалалт, хамгаалалт”, Урлаг уран бүтээлийн газрын дарга Б.Сэргэлэн “ Урлаг-шинэ нөхцөлд” сэдвүүдээр тус тус илтгэл хэлэлцүүлж мэдээлэл өглөө.
2-р хэсэгт Монголын Үндэсний Музейн захирал Л.Жаргал “Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг Музей болон соёлын өвд тулгуурлан хөгжүүлэх шилдэг туршлага”, Улсын хүүхэлдэйн театрын захирал М.Отгончимэг “Соёлын бүтээлч үйлдвэрлэлээр дамжуулан хүүхдийг хөгжүүлэх боломж, бусад орны туршлага”, Соёлын яамны Урлаг, уран бүтээлийн газрын мэргэжилтэн У.Одонтуяа “Орон нутгийн залуучууд-Соёлын салбарын залуучуудын хөгжлийн зөвлөлийн үйл ажиллагаа”, Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрын Соёл, урлаг, спортын бодлого хариуцсан мэргэжилтэн М.Ганжаргал “Орон нутгийн соёлын бодлого, соёлын онцлог” сэдвүүдээр тус тус илтгэл тавьж, мэдээлэл хийв.
Мөн 3-р хэсэг асуулт, хариулт, хэлэлцүүлгийн хэсэгт орон нутгийн Соёлын төвүүдийн удирдлага, төлөөллүүд хүүхэлдэйн театр, хүүхдийн урлагийн боловсрол, соёл, урлагийн байгууллагын стандарт, Соёлын яамны уралдаант төсөл, сонгодог урлаг үндэсний хөтөлбөр, соёл, спортын төвийн үйл ажиллагаа, музейн бүртгэл мэдээллийн санчийн орон тоо гэх мэт чиглэлээр асуулт тодруулга, санал шүүмжийг хэлсэн юм.